2014 оны 11-р сарын 26, Лхагва гариг

Дархан хот
Бичсэн МТА-ILTOD   
2011 оны 6-р сарын 21, Мягмар гариг, 09:13

Өнгөрсөн 20-р зууны  60, 70-аад оны  үеийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон өөрчлөлт гаргахад  хүргэсэн хоёр том үйл явдал болсон нь атар газар эзэмшиж, аж үйлдвэрүүдийн зарим төвүүдийг бүс нутгаар байгуулж хотжуулсан явдал юм. Ихээхэн хөрөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан эдгээр том үйл явдлууд  нь Төв, Булган, Сэлэнгэ аймгуудын нутагт болж, олон мянган га атар газрыг эзэмшиж, тухайн үеийн ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын шууд туслалцаатайгаар орчин үеийн нэгэн хот  сүндэрлэн боссон нь Дархан хот юм.



Тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1961 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 105 дугаар тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Улсын Барилга, эдийн засгийн комиссын харъяанд байгуулагдсан Дарханы  барилгуудыг удирдах газрыг Монгол талаас Ерөнхий захиалагчаар тогтож, улмаар МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 196/260 дугаар тогтоолоор Дархан хотыг Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутагт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан Станцын  дэргэд  байгуулахаар шийдвэрлэснээр мөн оны 10 дугаар сарын 17-нд  хотын анхны  суурийг тавьсан түүхтэй.


БНМАУ-ын  Ардын Их Хурлын  Тэргүүлэгчдийн 1962 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 152 дугаар зарлигаар Дарханд үйлдвэр, барилга, соёл, ахуйн үйлчилгээний газрууд байгуулагдаж оршин суугчдын тоо нэмэгдсэнийг харгалзан Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааг анх 3 хороотойгоор, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  1965 оны 12 дугаар сарын 25-ны 258 дугаар зарлигаар Дархан хотод Найрамдал, Дархан хороодыг нэмж байгуулж, улмаар Шарын гол, Хонгор, Орхон, Салхит, Хөтөл гэсэн төвлөрсөн  хороололтой дүүрэг, хороод байгуулагдсан юм.

Монгол Улс НҮБ-д элсэж  байсан тэртээ 1961 онд дэлхийн бүү хэл эх орныхоо газрын зурагт ч нэр нь байдаггүй байсан Дархан хот өнөөдөр эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг, Монгол орны Төвийн бүсийн хөгжлийн тулгуур төв, дэлхийн хотуудын холбооны гишүүн хот болтлоо хөгжин дэвшсэн орчин үеийн хот болсон юм.


Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний  удирдлагын  тухай хуулийн дагуу Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг  болсноор тус аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 4 сум, 24 багтай, 95,0 мянган хүн амтай, үүнээс 77,6 мянган хүн аймгийн төв бюу Дархан суманд амьдардаг, нийт хүн амын 64,6 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг, аймгийн хэмжээнд 28,3 мянган өрх байгаагийн 67,5 хувь нь  тохилог орон сууцанд  амьдардаг.


Тус аймаг нь 327.8 мянган га газар нутагтай, нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га талбайг ХАА-н, 22.2 хувийг тусгай хэрэгцээний  эдэлбэр газар, үлдсэн хувийг ус, ойн сангийн газар эзэлдэг. Мөн Монгол Улсын газар  тариалангийн төв бүсэд оршдог бөгөөд 2010 оны байдлаар 249.8 мянган толгой малтай. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл  нь хүн амынхаа  мах махан  бүтээгдэхүүний  хэрэгцээний 90  орчим хувь, гурил болон төмс, хүнсний  ногооны хэрэгцээг 100 хувь хангадаг. Тус аймаг дахь Ургамал газар тариалан, эрдэм  шинжилгээний хүрээлэн  буудайн 12,  төмсний 4, хүнсний ногооны 20 гаруй, жимсний 8 сортыг шинээр бий болгож Монгол орны нөхцөлд нутагшуулж байгаагийн дээр үр тариа, төмс, хүнсний ногооны элит болон сортын үрийн улсын хэрэгцээний зонхилох хэсгийг  үйлдвэрлэж байна.

Өнөөдөр Дархан-Уул аймагт 1216 аж ахуйн нэгж, байгууллага идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаагаас түүхий эд боловсруулах 6, эрчим хүч  үйлдвэрлэх 1,  хүнсний 90 гаруй үйлдвэр цех ажиллаж, тэдгээрт нийтдээ 4000 гаруй ажилтан  ажиллагсад  ажиллаж,  өрхийн   үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхлэгч 8104 иргэн, газар тариалан  болон  бусад  чиглэлээр байнгын үйлдвэрлэл эрхэлж байгаа нь улсын хэмжээнд  хөдөө аж ахуйн  салбарын 1.6 хувийг, аж үйлдвэр, барилгын салбарын 1.9 хувийг, үйлчилгээний  салбарын 1.5 хувийг тус тус үйлдвэрлэж байна. Хөдөлмөрийн насны иргэд 67.2 мянга байгаа нь улсын дунджаас дээгүүр, харьцангуй залуу байгаагийн  зэрэгцээ нийт хүн амын 35 хувийг суралцагсад эзэлдэг.


Манай аймагт  Монголын анхны Төмөрлөгийн үйлдвэр, Эрэл  Цемент, Нэхий эдлэл, Дулааны Цахилгаан Станц болон Хүнсний төрөл бүрийн үйлдвэрүүд, мах боловсруулах, ургамлын тос боловсруулах  үйлдвэр зэрэг голлох үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна.


Дарханчууд олон бүтээлч  ажлуудаар  улсдаа  анхдагч  болж байсан. Тухайлбал: Шинэ бүтээл, оновчтой саналыг Дарханыхан манлайлан 20 жилд 1700 гаруй  ШБОС гарган 63 хувийг үйлдвэрлэлд  нэвтрүүлж, 24.6 сая төгрөгийн хуримтлал бий болгож, хотын 3 инженер, 5 ажилчин тутмын нэг нь ямар нэгэн ашигтай санаачилга, оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлж, улсын хэмжээнд бүтээлээрээ 5 удаа тэргүүн байр эзэлж байсан.


Монгол орны төвийн бүсэд эрчим хүчний нэгдсэн системийг бий болгон Монголын анхны 110 квт-ын цахилгаан дамжуулах станц өндөр хүчдэлд залгагдаж, Сүхбаатар Дарханы ДЦСтанцууд зэрэгцээ холбогдож,  “Бурят энерго” системээс Галуут нуур Дархан- Эрдэнэтийн 220 квт-ын шугамын дэд станц ашиглалтанд орсноор Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Эрдэнэт, Булганы бүх систем эрчим хүчээр хангагдаж Сибирийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд  холбох ажлыг Дарханы  инженер техникийн ажилтнууд амжилттай хийж гүйцэтгэсэн ба ийнхүү Монгол орны төвийн  бүсэд  аж үйлдвэр, соёл, боловсрол, шинжлэх ухааны хоёрдогч том төв болсон Дархан хот сүндэрлэн боссон нь Сэлэнгэ, Төв аймаг, Хараа, Ерөө голын сав нутаг төдийгүй Монгол орны цэцэглэлтэнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болсон юм.


2009, 2010 онуудад аймгийн ЗДТГ-аас “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “40-өөс дээш насны ажилгүй болон тэтгэврийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд жилд  дунджаар 1000-1200 ажлын байр шинээр бий  болж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2000 гаруй залуучууд суралцаж, төгсөгчдийн 70 гаруй хувь ажлын байраар хангагдлаа.


Аймаг, орон нутгийн төсвийн орлогоос 2009-2011 онд 8744.2 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 2008-2011 онд Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар 10397.5 сая, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3500.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэсэн ба сүүлийн 5 жилд батлагдсан төсвийн хүрээнд урсгал өр төлбөр гаргалгүй ажиллаж байна.

Аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 онд 77077.9 сая төгрөгт /2000 оны зэрэгцүүлсэн үнээр/ хүрсэн нь 2009 оны мөн үеийнхээс 30743.1 сая төгрөгөөр буюу 66.4 хувиар өслөө.


2010 оны аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг салбараар нь  2009 онтой харьцуулбал төмөрлөгийн үйлдвэрлэл 14145.9 сая төгрөгөөр буюу 52.7 хувиар, бусад ашигт малтмал олборлолт 14751.7 сая төгрөгөөр буюу 51.7 хувиар, нүүрс олборлолт 9.0 сая төгрөгөөр буюу 3.9 хувиар, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 49.1 сая төгрөгөөр буюу 4.3 дахин, хувцас үйлдвэрлэлт 449.8 сая төгрөгөөр буюу 13.1 хувиар, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүн 1038.7 сая төгрөгөөр буюу 43.7 хувиар, хэвлэлийн бүтээгдэхүүн 48.5 сая төгрөгөөр буюу 6.7 дахин, дулаан, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл 295.9 сая төгрөгөөр буюу 3.9 хувиар тус тус өсчээ.

2010 оны аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт /оны үнээр/ 143780.4 сая төгрөгт хүрч, 2009 оныхоос 78.7 хувиар буюу 63332.8 сая төгрөгөөр өссөн  дүнтэй байгаа ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг 2009 онтой  харьцуулахад дулаан, цахилгаан, хувцас, бусад ашигт малтмал олборлолт, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүн, төмөрлөгийн бүтээгдэхүүн, хэвлэн нийтлэл,  нүүрс, хими, мод, модон эдлэл, хүнс, ундаа, усан хангамжийн  бүтээгдэхүүний борлуулалт тус тус өслөө.


Дархан-Уул аймгийн хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр, аймгийн хэмжээнд 29 ЕБС-д нийт 19813 сурагч, 17 цэцэрлэгт 4200 хүүхэд, улсын болон хувийн 10  их, дээд сургуульд 7447 оюутан, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Дархан Өргөө зэрэг мэргэжил олгох төвүүдэд нийт 2861 оюутан тус тус суралцдаг. Түүнчлэн их, дээд сургуулийн салбар, эрдэм шинжилгээний  байгууллагуудад  60 гаруй доктор байгаа нь оюуны чадавхийн талаар  давуу талтайг  харуулж  байдаг юм.

Тус аймагт мэргэжлийн “Залуучууд” театр, “Төв номын сан”, “Музей” зэрэг соёлын 7 байгууллага соёл урлагаар иргэддээ үйлчилж байгаагийн зэрэгцээ бие даасан “Хүүхдийн номын ордон” ажиллаж байна.


Улсын хэмжээнд анх удаа орон нутагт боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нээлттэй хэлэлцүүлж батлуулан хэрэгжүүлж, мэдээлэл харилцааны технологид тулгуурласан алсын зайны “Нээлттэй ахлах сургууль”-ийг байгуулан “Е- Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ, мэдээллийн тогтолцоог бий болгон төрийн 88 байгууллагын 62 обьектыг шилэн кабелийн  сүлжээнд холбон ажиллаж байна.


2001-2010 онуудад ерөнхий боловсролын сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт сургууль, цэцэрлэгүүдийн 85 хувьд их засвар хийж, 150 хүүхдийн орны хүчин чадалтай 2 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 3 сургуулийн барилгыг шинээр ашиглалтанд оруулснаар захын хорооллын хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэж, сургууль завсардалтгүй болж, сургуулийн насны бүх  хүүхдүүдэд суурь боловсрол олгож байна.


Тус аймаг нь ерөнхий шалгалтын дүнгээр Улсын хэмжээнд 2007 онд II, 2008 онд I, 2009 онд II, 2010 онд I байруудыг эзэлж, улсын физикийн 23, мэдээлэл зүйн 24 дүгээр олимпиадуудыг тус тус аймагтаа амжилттай зохион байгуулж, Дархан сумын ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургууль хөдөө орон нутгийн сургуулиудаас анхны “Цахим сургууль” боллоо.

Аймгийн эрүүл мэндийн салбарт 225 их эмч, 524 дунд мэргэжилтэн, нийт 1097 ажилтан, ажиллагсад  ажиллаж, хэвтэж эмчлүүлэх 365 ортой нэгдсэн эмнэлэг, өрхийн 10, хувийн хэвшлийн 25, эмнэлэг, 22 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлгээр  үзүүлэх тогтолцоонд бүрэн шилжлээ.

Дархан-Уул аймаг нь Монголын Хүүхдийн Спортын 3-р их наадамд II, Монголын бүх ард түмний 12-р их наадамд II, Үндэсний спортын 4-р их наадамд III байруудыг эзэлсэн  амжилтыг үзүүллээ.

Дархан-Уул аймагт орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон Мобиком, Скайтел, Миком, Жи-Мобайл, Юнител компаниудын салбарууд үүрэн телефон, интернетийн үйлчилгээ, орон нутгийн  DBS, LKHA, ТV12 телевизүүд олон улсын болон өөрийн орны телевизүүдийн нэвтрүүлгийг Дарханчууддаа хүргэж байна.

Тус аймаг нь ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ, АНУ-ын Техас мужийн Өирвинг хоттой ах дүүгийн, Германы Цайц, Унгарын Капошвар, Данийн Хиллеройд, Канадын  Режина, БНХАУ-ын Жилинь муж, ӨМӨЗО-ны Тунляо, БНАСАУ-ын Хванхэ, БНСУ-ын Пухан хотуудтай тус тус шууд харилцаат, найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж, Зүүн хойт Азийн нутгийн Засаг захиргааны байгууллагын холбоо, Дэлхийн эрүүл хотуудын холбоо зэрэг бүс нутгийн  болон олон улсын байгууллагын  гишүүнээр  ажиллаж байна.


2010 онд аймагтаа гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулж, гадаадын 12 орны зочид төлөөлөгчид,  дотоодын 150 гаруй  бизнес эрхлэгчид  оролцож, бүс нутгийн уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж  үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, салбаруудын цаашдын хөгжилд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлуудыг хэлэлцэн 31 төслийг боловсруулж төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн нь манай гадаад харилцаа болон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил боллоо.

Дарханчууд бид аливаа бэрхшээлийг даван туулж, аймгийн төр захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа оновчтой бодлого, цогц арга хэмжээнүүдийн үр дүнд үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж, аж амьдралын хэв маяг шинэчлэгдэж, ажил хэрэгч хүмүүсийн эгнээ тэлж, хүн бүхэн өөрөө өөрийнхөө хувь заяанд эзэн болох ёс суртахууны  хэм хэмжээг  төлөвшүүлж чадлаа.  Ийнхүү өнө мөнх амар амгалан аж төрөх үе үеийнхний хүсэл мөрөөдөл бодит зүйл болон бүрдэж байгаа нь хотол олон, эгэл түмний маань сэтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүн юм.

Хөгжлийн 50 жилийн энэ хугацаанд  Дархан-Уул аймаг, Дархан хот маань Монгол орны төвийн бүсийн хөгжлийн тулгуур төв  болтлоо өсөн хөгжиж, өөрсдийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 42, Төрийн соёрхолт 6-г төрүүлсэн нь өнөөгийн Дарханчуудын зүй ёсны бахархал болж байдаг.


Дарханчууд бид амралт чөлөөт цагийн “Морин хуур” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Монголд анх удаа бүтээгдсэн “Дүүжин гүүр”-ийг  тус тус бүтээн босгосны  зэрэгцээ  Дархан хот  байгуулагдсаны 50 жилийн ой угтаж 2011 онд 50 бүтээлч ажлыг хийж  хэрэгжүүлэхээр  шийдвэрлэж,  энэ ажлын хүрээнд 4.2 га газарт ногоон байгууламж, усан оргилуур бүхий орчин үеийн соёл, амралтын “Дархан-50” цогцолборыг  шинээр барьж  байгуулан  Дархан хотдоо бэлэг барьж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 6-р сарын 21, Мягмар гариг, 10:04
 

Нэг өгүүлбэрээр

  • Аж ахуй нэгжүүдийн анхааралд
    27.11.13

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны 09 цагаас Залуучууд театрын дугуй зааланд жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаахтай холбогдсон сургалт зөвлөгөөн болно. Аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Санхүү Төрийн сангийн хэлтэс Утас:99394408, 88405905

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт энэ сарын 18-нд болно
    11.11.13

    Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 2013 оны 11дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд авна. Бүртгэлийг Дархан-Уул аймгийн СТСХ-т бүртгэнэ.

  • Нягтлан бодогчдын анхааралд
    29.10.13

    Жижиг дунд аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг гаргах сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн явуулах тул сонирхсон нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын тамгын газрын 22 номерт ирж бүртгүүлнэ үү. Утас: 70373861

  • ХААБирж
    21.05.13

    Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 562 212 төгрөгийн дундаж үнэтэй байв.



















Сайтын статистик

Гишүүд : 19
Мэдээлэл : 1928
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1669774

Яг одоо

Манайд 33 зочид онлайн


Хайлт


Валютын ханш

Цаг агаарын мэдээ


Free counter and web stats